11/6/12

Шүлэг

Жудаг нэхсэн өчил
Зүдэг орчлонгийн хүн бүрээс би
Жудаг нэхэж өвдөг сөгдөн гуйя
Заяа буянтай хүмүүн төрөлтөн танд
Жаахан ч гэсэн “хүн чанар” байна уу гэж горьдоё

Барзгар энэ хорвоо дээр
Бурзайх гэж зүтгэж яваа хэн ч гэсэн
Бүтэх бүтэхгүй мөрөөдөлд автан
Бүдчиж босож тэмцэж явдаг байлгүй
Хүн хүний амьдрал өөр хэдийч
Хүсэл зорилго нь ижил юм хойно
Адармаатай амьдралын нугачаанд
Алдсан нь ч бий л биз оносон нь ч бий л биз
Олох гэж алддаг юм
Овоолох гэж нураадаг юм
Жаргалыг мөрөөдөж
Зовлонг туулж
Хэрэгтэй хэрэггүйн дунд
Хэр хэмжээнээсээ илүүг олох гэж
Хар үсээ цайтал
Хэдэн шүдээ унатал
Эрүү өвдөгөө нийлтэл
Энэ биеэ зовоож
Эрээн бараан амьдралаа
Эрвийх дэрвийхээрээ өндийлгөх гэж
Эцэж ядарталаа гүрийж яваа хэн ч гэсэн
Хүн төрөлтний оюуны тэжээл болсон
Хүн байхын утга учир болох
Оюун ухааны хөрөнгө оруулалт хийгээд
Оюуны бүтээл, урлаг уран сайхныг
Үнэлэж цэгнээд гайхуулдаггүй юмаа гэхэд
Үзэж сонсож уншихдаа
Зохиосон зохиогчийг нь
Жаахан ч гэсэн хүндэтгээрэй
Хүсэх шалтаг байгаа учир
Хэлэх гэсэн үгийг минь
Хүлцэж тэвчиж чагнах
Хүч бололцоо зав зай
Хүн танд байгаа байх гэж найдая
Тавагтай чихэр шиг
Таны өмнө дэлгэн тавьсан урлагийн бүтээлийг
Талын малчины жирийн хүү
Тавилан заяагаа дагаж
Туурвиж бүтээх хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж
Алба амны ажилаа хойш тавиж
Ар гэр авгай хүүхдээ гаргуунд нь гаргаж
Хоосон хонож өлсөж ундаассан ч яахав
Хоногтоо нойр авч амраагүй ч яахав
Хичнээн ч хоног сараар суусан ч яахав
Хэд гурван төгрөг олоогүй ч яахав
Зөвхөн бүтээж туурвихын төлөө
Зүрх сэтгэлдээ шатаж
Зөн билэг авьяас чадвараа дайчилж
Жинхэнэ уран бүтээл туурвихсан гэж зориглож
Зон олоныхоо оюуны хэрэгцээнд
Өөрийн хувь нэмрийг оруулахсан гэхдээ
Та бүхний Сонсдог хөгжим
Сонгодог урлаг
Уран зураг
Уянга найраг хийгээд
Тайз дэлгэцийн бүхийл гайхамшигийг бүтээгээд
Түмэндээ хүргэх ямар арга зам байна гэж
Тархиа гашилгаж
Түрийвчээ тэмтэрээд
Бусдад хэрэгтэйг өгөөд
Өөртөө ашиггүй хоцорч
Халуун залуу насаа хийж бүтээхийн төлөө үрж
Хурааж цуглуулах цагаа бусдын төлөө зарж
Хэдэн шүлэг уран бүтээлээрээ
Хийрэхсэн залуусыг зугаацуулаад
Түмнээсээ хоосон нэр цаасан малгай өмсөөд
Төрийн хишиг гэж хэдэн тэмдэг зүүгээд
Ахуй амьдрал нь өөдөлсөн ч юмгүй
Авдаг хэд нь нэмэгдсэн ч юмгүй
Авгай хүүхэд талх нэхсэн хэвээр
Автобусны мөнгөгүй явган гүйсэн янзаараа
Өтөлвөл хэнд ч хэрэггүй болж
Өвдвөл эмнэлэгийн төлбөргүй муухай царайлж
Өнгө мөнгөөр хэмжигдэх хорвоод
Өөрийгөө зольж түмнээ дайлаад
Өөрөө хоосон хоцордог
Өөдгүй тавилантай
Өгөөмөр сэтгэлтэй
Олон олон үеийн
Онгодтой авьяастай уран бүтээлчид
Оюун ухааныг тань цэнэглэж өгөөд
Орчлон хорвоод мөрөөр гаргаад
Хүн төрөлхтний өмнө хийсэн нэртэй ч
Хүн шиг амьдарч чадаагүйдээ нэрлэхээд
Хэдэн дусал нулимс
Хойноосоо унагаалгасан болоод
Хадан гэртэй нүцгэн буцдаг байна хөөрхий
Хожим нь тэгээд ашиг завшаан хайгчид
Хонжоо ашигаас нь хуваалцахгүй болохоор нь
Урлаг мэддэг хүн болж жүжиглээд
Үнэхээр “бүтээлчийн бүтээл” гэж хөөрөгдөөд
Уран бүтээлийг нь өндөр үнээр худалдаж
Унац ашгийг хүртцгээдэг байна зайлуул
Амьд ахуйд нь хүч хөдөлмөрийг нь
Адлах нь холгүй голж гоочилчихоод
Авсанд орохыг нь хүлээж байсан юм шиг
Ашгүй далд орлоо гэсэн шиг
Хайрламаар сайхан оюунлаг хүмүүсийг
Харамсмаар муухай мэхлэдэгийм байна
Халтар хэдэн цаас олдохдоо л олдно
Харин урлагийг бүтээдэг уран бүтээлчийн
урмыг хугалвал
Хүн байхын утга учир тань алдагдаж
Харанхуй ертөнцөд бэдчин тэнүүчлэх шиг
уйтгарлах болно оо

Хийсэнийхээ хэрээр амьдарч болдоггүй
Хорвоод зориулж хэдэн мөр холбов
Хүн таньтай зовлон жаргал нэг учир
Хүмүүнлэг байхыг сануулж өрөөлийн өмнөөс
өөрийн өчигийг өргөв

Зүдэг орчлонгийн хүн бүрээс би
Жудаг нэхэж өвдөг сөгдөн гуйя
Заяа буянтай хүмүүн төрөлтөн танд
Жаахан ч гэсэн “хүн чанар” байна уу гэж горьдоё

No comments:

Post a Comment